Posts

2019 ОНД ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ АЛТНЫ 21 ТӨСЛИЙН ТЭЗҮ БАТАЛЖЭЭ

2019 онд хэрэгжүүлж эхлэхээр ТЭЗҮ-ээ батлуулсан алтны 21 төсөл байгаа талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээллээ. Энэ дундаас хамгийн их хөрөнгө оруулалттай төслүүдийг дурдвал Өмнөговь аймгийн нутагт байрлах “Хоримт худаг”, “Улаан хяр” алтны үндсэн ордын төсөл байна. “Макс импекс” ХХК энэхүү төслийн нийт хөрөнгө оруулалтыг 10.5 тэрбум төгрөг байхаар ТЭЗҮ-д тусгажээ. Үүнээс гадна Дорноговь аймагт байрлах Шартолгойн алтны үндсэн ордын төсөл байгаа юм. Нийт хөрөнгө оруулалтыг нь 9.2 орчим тэрбум төгрөг байхаар ТЭЗҮ-д нь тусгасан талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээллээ. Мөн байршлаар нь харвал Баянхонгор аймагт хамгийн олон буюу алтны есөн төсөл энэ онд хэрэгжиж эхлэхээр ТЭЗҮ-ээ батлуулжээ. Алтны шороон ордуудын нөөц дуусах шатандаа орж байгаа бөгөөд цаашид хөрөнгө оруулалт их шаардагддаг үндсэн ордуудын олборлолт эхлэх төлөвтэй байгаа гэдгийг салбарынхан онцолж байгаа юм.

Эдгээрээс гадна гаднын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хайгуулын компаниуд алтны ордуудынхаа олборлолтыг эхлэхээр бэлтгэж байна. Тухайлбал, “Steppe Gold” компани Дорнод аймгийн нутагт байрлах Алтан Цагаан овоо ордынхоо олборлолтыг 2019 оны эхний хагас жилд эхлэхээр бэлтгэж байгаа аж. “Triple Flag” компанитай байгуулсан гэрээний хүрээнд Алтан Цагаан овоо төслийн бүтээн байгуулалтын 8.1 сая ам.долларын зардлыг санхүүжүүлсэн байна. 

Монгол, Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компани “Хөндий” төслийнхөө олборлолтын тусгай зөвшөөрлийг авахаар бэлтгэж байна. Баянхөндий, Алтан нар ордуудыг багтаасан энэхүү төслийн анхан шатны эдийн засгийн тооцооллыг боловсруулжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :