Posts

УУХҮЯ: II САРЫН БАЙДЛААР НИЙТ НУТАГ ДЭВСГЭРИЙН 5.6 ХУВЬД АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗ ОЛГОСОН

Засгийн газар сонгон шалгаруулалтаар хайгуулын лиценз олгож эхэлснээс хойш гадаад, дотоодын компаниуд сонирхлоо илэрхийлсээр байна. Тухайлбал, Торонтогийн Хөрөнгийн бирж болон Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компани одоо байгаа талбайгаа өргөжүүлж, нэмж хайгуул хийх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тус компани хаалттай хүрээнд долоон сая 600 мянга гаруй хувьцаа гаргаж, 1.75 сая ам.долларын санхүүжилт босгож байгаа юм. Үүгээрээ олон ажил санхүүжүүлэхээр төлөвлөсний нэг нь хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр авах гэдгээ зарлаад байна. Хоёрдугаар сарын байдлаар нийт нутаг дэвсгэрийн 5.6 хувьд нь ашигт малтмалын 3085 тусгай зөвшөөрөл байгаа аж. Үүний 81.6 хувь нь хайгуул, 18.4 хувь нь ашиглалтынх байна. “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо сүүлийн гурван жил дараалан буурч байгаа нь тогтолцооны гажуудал” гэж “Asia Mining Magazine” онцолсон байна. Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сараас сонгон шалгаруулалтаар хайгуулын лиценз олгож эхэлжээ. Өргөдлийн журмаар олгохыг дэмжихгүй гэдгээ Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдэгдсэн юм.

Харин лиценз эзэмших байдлаар нь харвал хамгийн олон лицензийг “Чингис ворлд майнинг” компани 49, “Монголросцветмет” компани 30, “Монголын алт корпораци” 23, “Алтан Дорнод Монгол” компани 19 лиценз эзэмшиж байгаа талаар “Asia Mining Magazine” мэдээллээ.

“Чингис ворлд майнинг” компани 2018 оны нэгдүгээр сард улсын бүртгэлд бүртгэгдсэн, Японы хөрөнгө оруулалттай шинэ компани ажээ. Одоогийн байдлаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 79 хувь орчмыг дотоодын компани, 15 хувийг гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани, үлдсэн хэсгийг гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттай компани эзэмшиж байгаа юм байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :