Posts

НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ УУЛ УУРХАЙН ТӨСЛҮҮД

Анхаарлын төвд байгаа 1 тэрбум ам.долларын санхүүжилттэй ямар төслүүд байгааг тоймлоё. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр 1 тэрбум ам.долларын санхүүжилттэй. Дорноговь аймгийн Алтанширээ суманд үйлдвэр байгуулах ажил эхэлсэн бөгөөд дэд бүтцийн ажлуудыг хийж байгаад түр завсарлаад III сараас эргэн сэргээхээр болсон байна. Тус үйлдвэрийг 2022 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Төслийн менежментийг “Engineers India” компани хийх юм. Харин “Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсны дараа түүхий эдийн хангамж тасалдах эрсдэл байгаа” гэдгийг Монголын геофизикийн холбооны Гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжир анхааруулсан. Өмнө нь газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар олон удаа оролдож байжээ. “10 гаруй жилийн дотор 17 компанид тусгай зөвшөөрөл олгож, хэдэн газар шав тавьсан ч үйлдвэр босоогүй. Тэгвэл энэ удаад Алтанширээ эцсийн зогсоол мөн үү гэдгийг шийдэх хүн нь дараагийн Ерөнхий сайд ч байж магадгүй” гэж “Asia Mining” сэтгүүлд бичжээ.

Засгийн газар, Оюутолгойн хөрөнгө оруулагчид удаан зөвшилцсөний эцэст төслийг эрчим хүчээр хангах 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг Тавантолгойд түшиглэн байгуулахаар шийдвэрлэсэн. Төслийг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Санхүүжилтээ хараахан олоогүй байгаа юм. Монголын талыг төлөөлж төсөлд оролцож байгаа “Тавантолгойн цахилгаан станц” компанийн ТЭЗҮ-д тусгаснаар санхүүжилтэд 1 тэрбум ам.доллар шаардлагатай юм байна. Гэхдээ олон улсад уур амьсгалын өөрчлөлтөөс болж нүүрсний цахилгаан станцын төслүүдэд санхүүжилт олгох нь багасаж байгаа нь гол эрсдэлүүдийн нэг гэжээ.

Цагаансуваргын ордын нийт бүтээн байгуулалтад 1 тэрбум 89 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж “МАК” ХХК мэдээлсэн. Бүтээн байгуулалтад 377 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Төслийн бүтээн байгуулалт 47 хувьтай байгаа бөгөөд стратегийн орд учраас төр 34 хувийг нь эзэмших юм. Гэхдээ “Цагаан суваргын ордыг төрийн мэдэлд буцаан авна” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн нь нэлээд анхаарал татсан үйл явдал болсон.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :