Posts

“ТОП 100”-Д БАГТСАН УУЛ УУРХАЙН КОМПАНИУД 2018 ОНД 2.1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛЖЭЭ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран “ТОП 100” аж ахуйн нэгжийг шалгарууллаа. Энэ дунд багтсан уул уурхайн компаниуд 2018 онд нийт 2.1 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Уул уурхай, түүнийг дагасан бүтээн байгуулалт, ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа тэлж байгааг МҮХАҮТ онцоллоо.

“ТОП 100”-ийн жагсаалтын эхний гурван байрт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюу Толгой” ХХК багтжээ. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Монголд ес гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн “Оюу Толгой” ХХК 2018 онд 322 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Нүүрсний зах зээл таатай байсан 2018 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.9 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 807 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

Үүнээс гадна Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийж байгаа “Энержи Ресурс” ХХК тавдугаарт, орон нутгийн 51 хувийн өмчит “Тавантолгой” ХК 23 дугаарт орсон байна. “Энержи Ресурс”-ийн нүүрсний олборлолт 2018 онд 10.9 сая тонн болж түүхэн дээд түвшинд хүрсэн аж. Орлого нь 24 хувиар өсөж, 590.7 сая ам.доллар болсон талаараа тайлагнасан байна. Харин “Тавантолгой” ХК-ийн тухайд 2018 онд хоёр сая тонн нүүрс экспортолж, 200 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 53 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Эдгээрээс гадна Нарийнсухайтын бүлэг ордод олборлолт хийж байгаа “Өсөх Зоос” ХХК 45 дугаарт, “Чинхуа-МАК Нарийн Сухайт” ХХК 73 дугаарт багтжээ. Мөн коксжих нүүрний ханш өндөр байсан 2018 онд орлого нь хоёр дахин нэмэгдсэн “Mongolia Energy Corporation” 71 дүгээрт орсон байна.

Монгол Улс 2018 онд нийт 124 орчим мянган тонн цайрын баяжмал экспортолсны 75 хувийг “Цайрт минерал”, 25 хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шин шин” компани хийжээ. Дээрх хоёр компани “ТОП 100” жагсаалтын 20 болон 43 дугаарт жагссан байна.

Төмрийн хүдрийн салбарыг харвал 2018 онд Монгол Улс нийт 7.4 сая тонн төмрийн хүдэр экспортолжээ. Энэ дунд гурван сая тонныг экспортолсон “Болдтөмөр Ерөө гол” ХХК 33 дугаарт, нэг сая тонныг гаргасан Дарханы төмөрлөгийн үйлдвэр 44 дүгээрт, 1.6 сая тонныг экспортолсон “Алтайн хүдэр” ХХК “Топ 100”-ийн 51 дүгээрт жагсжээ.

Түүнчлэн уул уурхайн ханган нийлүүлэгчид болох “Вагнер Ази тоног төхөөрөмж”, “Жэйкобс инженеринг” зэрэг компаниуд “ТОП 100”-д мөн багтсан байна. Харин өнгөрсөн хоёрдугаар сард уурхайд нь гарсан ослын улмаас дөрвөн хүн амь насаа алдсан “Эко алтан заамар” компани “ТОП 100”-ийн татвар төлөгчдийн жагсаалтын 61 дүгээрт бичигджээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :