УУХҮЯ: ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ХАЙГУУЛАА ГЕРМАНТАЙ ХАМТРАН ИДЭВХЖҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ
Монголд газрын ховор элементийн хайгуулын ажлыг Германы талтай хамтран идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Энэ долоо хоногт Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдаан болсон бөгөөд энэхүү хуралдаанд Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Сайд Д.Сумъяабазар оролцох үедээ энэ талаар дурджээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан газрын ховор элементийн геологийн нарийвчилсан судалгаа хийгдээгүй байгаа ч Халзан бүрэгтэй, Лугийн гол, Мушгай худаг, Цагаан чулуут, Хотгор зэрэг газрын ховор элементийн нөөц, баялаг агууламж бүхий ордууд, томоохон 71 илрэл, 300 гаруй эрдэсжсэн цэг байгааг тогтоосон талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Монгол Улсад 10 тэрбум ам.долларын үнэ цэнэ бүхий газрын ховор элемент бий гэсэн тооцоог Дэлхийн банк гаргасан талаар мөн танилцуулсан юм. Энэ онд Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Халзан бүрэгтэй ордын үйл ажиллагааг эхлүүлэхээр ТЭЗҮ батлуулсан талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээлж байсан юм.
Олон улсыг харвал цахилгаан хэрэгсэл, технологийн шинэ бүтээгдэхүүнээс эхлээд цэргийн зэвсгийн үйлдвэрлэлд ч өргөнөөр ашиглагддаг газрын ховор элементийн олборлолтын 80 хувийг БНХАУ нийлүүлдэг. АНУ тус улсаас ихээхэн хамаардаг. АНУ, БНХАУ-ын “Худалдааны дайн” дахин хурцадсан энэ үед БНХАУ газрын ховор элементийг хэрэгсэл болгон ашиглаж магадгүй гэж шинжээчид харж байна. Зургаадугаар сарын нэгнээс эхлэн БНХАУ АНУ-ын импортолж байгаа бүтээгдэхүүний тарифыг 25 хувь болгон нэмэгдүүлсний дунд газрын ховор элементийн хүдэр багтаж байгаа юм.
Энэ долоо хоногт БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин Жяньси муж дахь газрын ховор элементийн үйлдвэрээр зочилсны дараа “MVIS Global Rare Earth/ Strategic Minerals Index” нэг өдрийн дотор 6.4 хувиар өссөн нь 2011 оны аравдугаар сараас хойш байгаагүй өсөлт болжээ. Энэхүү индексэд газрын ховор элемент олборлогч БНХАУ, Австрали, Канад зэрэг 10 улсын 20 компани багтдаг юм байна.
Эх сурвалж: bloombergtv.mn
No Comments :