SQM: ЛИТИЙН ЭРЭЛТ 2019 ОНД 17 ХУВИАР ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ
Литийн олборлолтоор дэлхийд хоёрдугаарт ордог “SQM” компани литийн эрэлт энэ жил 17 хувиар өснө гэж таамаглаж байна. Улмаар литийн хэрэглээ 2019 онд жилийн үзүүлэлтээр 315 мянган тонн болох төлөвтэй гэж Чилийн олборлогч тус компани дүгнэжээ.
Литийг өргөнөөр ашигладаг цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч “Tesla” зэрэг компаниудын эрэлт 2021 он хүртэл жилд 20 хувиар нэмэгдэж байгаа юм байна. Хэдий тийм боловч үнэ нь буурч байгаа ажээ. I улиралд литийн ханш найман хувиар буурсан бол ойрын саруудад 25 хувиар буурах төлөвтэй гэж таамаглаж байгаа аж. Эрэлт их байгааг дагаад энэ жил литийн олборлолт эрчимжиж, зах зээлд илүүдэл үүссэнээр ийнхүү ханшид нөлөөлнө гэж “SQM” дүгнэжээ.
“SQM”-ийн хувьд Чилийн хойд хэсэг дэх олборлолтоо өргөжүүлж, жилийн гарцаа 2021 он гэхэд 120 мянган тонн болгон нэмэхээр төлөвлөж байна. Мөн Австралид хоёр дахь литийн төслөө эхлэхээр бэлтгэж байна. “SQM”-ийн санхүүгийн тайланд дурдсанаар I улиралд нэг тонн литийн дундаж ханш 14 600 ам.доллар байгаа бол оны хоёрдугаар хагаст худалдан авагчидтай хийж байгаа хэлцлээр бол 11-12 мянган ам.доллар болж магадгүй юм байна.
Лити нь цахилгаан автомашин, гар утас зэрэгт өргөнөөр ашиглагддаг. Хамгийн их нөөцтэй улс нь Чили юм.
Эх сурвалж: bloombergtv.mn
No Comments :