Posts

XANADU MINES: “ХАРМАГТАЙ” ОРДЫН “АЛТАН БҮРГЭД” ТАЛБАЙН ӨРӨМДЛӨГИЙН ДҮН САЙН ГАРСАН

Австрали болон Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани Монголын Өмнөговь аймаг дахь “Хармагтай” ордын “Алтан бүргэд” талбайд хийсэн эхний өрөмдлөгийн дүн сайн гарсан гэдгийг зарлалаа. “Алтан бүргэд” талбайд өрөмдлөгийн есөн ам байгаагаас наймынх нь дүн гараад байна. Үлдсэн нэг нь ойрын хэдэн долоо хоногтоо багтаад ил болно гэдгийг “Xanadu Mines” мэдэгдэлдээ дурдсан байна. Өрөмдлөгийн дүнд тун сэтгэл хангалуун байгаа, “Алтан бүргэд” нь “Хармагтай” ордын алтны оксидын хамгийн том бүс гэж одоогоор тогтоогдоод байна гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Эндрью Стеварт хэллээ.

“Хармагтай” ордын төслийн хэтийн зорилго нь Монголын дараагийн томоохон хэмжээний алт, зэсийн ил ордыг илрүүлэх гэдгийг “Xanadu Mines”-ийн удирдлага мөн онцолсон байна. “Алтан бүргэд” талбайг 2017 оны эхээр илрүүлсэн бөгөөд геохимийн түвшинд хийсэн эхний шатны өрөмдлөгийн дүнд агууламж өндөртэй алтны нөөц байгааг тогтоогоод байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :