Posts

УУХҮЯ: АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗИЙН 43.5 ХУВЬ НЬ ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗ БАЙНА

Сүүлийн жилүүдэд хайгуулын лиценз олголт буурсаар байна. Тавдугаар сарын байдлаар хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо 2975 байгаагийн 56.5 хувь нь ашиглалтынх, 43.5 хувь нь хайгуулынх байгаа талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээллээ.

Сүүлийн 10 жилд хайгуулын лицензийн тоо бараг гурав дахин буурчээ. Хэдий тийм боловч аж ахуйн нэгжүүдийн хайгуулд зарцуулахаар төлөвлөсөн хөрөнгийн хэмжээ 2018 онд үл ялиг нэмэгдэж, 221.2 тэрбум төгрөг болсон талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээлсэн юм. Сүүлийн найман жилийн дунджаас харахад хайгуулын зардлын дийлэнх буюу 46.8 хувийг өрөмдлөг, 10.1 хувийг геофизикийн судалгаа бүрдүүлдэг байна.

Гадаадын Хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй компаниудаас “Erdene Resource Development” компани “Хөндий” төслийн талбайд, “Xanadu Mines” компани “Хармагтай” ордод идэвхтэй өрөмдлөг хийж байгаа юм. Монголд хийх хайгуулд 30 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа Австралийн “Elixir Petroleum” компани “Номгон IX” метан хийн хайгуулын талбайд хоёрдугаар хагасаас өрөмдлөг хийж эхлэхээр төлөвлөж байна.

Засгийн газар улсын төсвөөр хийх хайгуулаа мөн нэмэгдүүлж байгаа юм. 2019 оны улсын төсөвт геологи хайгуулын зардлыг өмнөх жилийнхээс 11.3 тэрбум төгрөгөөр нэмж, 24.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хэдий тийм боловч хайгуулын лиценз олголтыг бүтэн жил орчмын хугацаанд зогсоож, улмаар өнгөрсөн наймдугаар сараас эхлэн зөвхөн сонгон шалгаруулалтаар олгож эхэлсэн байна. Энэхүү бүтцийн шинжтэй асуудлаас болж тоо хэмжээний хувьд цөөрчээ.

Өнгөрсөн онд хайгуулын 40 гаруй лиценз олгосон талаар Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо мэдээлж байлаа. Хайгуулын тусгай зөвшөөрлийг идэвхтэй олгож эхэлснээр геологи хайгуулын салбарт жилд 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл бүрдэнэ гэж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам үздэг. Мөн эрдэс баялгийн салбараа хөгжүүлэхийн тулд газрын хэвлийд ямар төрлийн хэр их ашигт малтмалын нөөц байгаа вэ гэдгээ олж тогтоох ёстой гэж салбарын геологичид дүгнэж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :