Posts

“КINCORA COPPER” КОМПАНИ “ХҮРЭЛ ҮНЭГ” ТАЛБАЙДАА ӨРӨМДЛӨГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

“Кincora Copper” компани Өмнөговь аймаг дахь зэс, алтны “Хүрэл үнэг” талбайдаа өрөмдлөг хийж эхэллээ. Татан төвлөрүүлсэн 6.25 сая ам.долларын санхүүжилтээ төслийн өрөмдлөг, хайгуулын ажил зарцуулах юм байна. Энэхүү санхүүжилт нь ирэх 12 сарын үйл ажиллагаа, 18 мянган метр хүртэлх гүн өрөмдлөгт хангалттай гэж тус компанийн Ерөнхийлөгч Сэм Спринг онцолж байна. 2012 оноос хойш эрдсийн агууламж өндөртэй нь тогтоогдсон, гэхдээ өрөмдлөг хийгдээгүй хэд хэдэн талбай байгаа аж. Тус компанийн удирдлага эхний ээлжид “Хүрэл үнэг” талбайн хоёр бүсэд голлон төвлөрөхөө мэдэгдлээ. Харин үүний дараа Зүүн Цагаан суварга талбайд гурван өрөмдлөг төлөвлөжээ.

Энэхүү мэдээллийн дараа Торонтогийн Хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны ханш 16 хувиар огцом өсөж, 0.1 канад доллар давсан байна. “Хүрэл үнэг” нь алт, зэсийн нөөц олдох өндөр магадлал бүхий 40 кв.км талбайг хамардаг. Анх “Ivanhoe Mines” компани 2006 онд өрөмдлөг хийсэн ч “Оюу Толгой” төслийн гэрээнд төвлөрснөөр цаашдаа хөгжүүлэх алхам хийгээгүй аж. Харин “Кincora Copper” компани “Хүрэл үнэг” талбайн эзэмшлийг 2012 онд авсан юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :